Санья нь Хятад улсын хамгийн өмнөд хэсэгт орших Хайнан арлын аялал жуулчлалын төв бөгөөд тус арлын хоёр дахь том хот юм. 1980-аад оноос өмнө жижиг загасчны суурин байсан Санья хот нь 20-р зууны сүүлч, 21-р зууны эхэн үед аялал жуулчлалын дэд бүтцээ эрчимтэй хөгжүүлж, өнөө үед Хятадын Хавай хэмээн алдаршсан дэлхийд нэртэй амралт, аяллын бүс болжээ.
Санья хот нь Хятадын халуун орны цорын ганц амралтын хот бөгөөд жилийн турш дулаан уур амьсгалтай, цэнгэг устай далай, элсэн наран шарлагын газар, тансаг зэрэглэлийн амралтын газруудаараа алдартай. Хотын эдийн засаг аялал жуулчлал, үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө, байгаль хамгаалалд суурилдаг.
Саньяд олон улсын таван одтой зочид буудлууд, олон улсын нисэх буудал, аялал жуулчлалын томоохон цогцолборууд байрладаг. Тухайлбал, 108 метр өндөр Гуань Инь Бурхны хөшөөтэй Наньшань Соёлын Цогцолбор, Ялун булангийн тансаг амралтын бүс, Янода ширэнгэн ой, Фэнхуан уулын амралтын хүрээлэн, Далайн загасны музей, Ли овгийн уламжлалт тосгон зэрэг нь дотоод, гадаадын жуулчдын анхаарлыг татдаг гол үзмэрүүд юм.
Хотын нийт хүн ам 1.1 сая орчим бөгөөд улирлын амралтын үеэр энэ тоо хэд дахин өсдөг. Жуулчдын ихэнх нь Хятадын томоохон хотууд болон Орос, Өмнөд Солонгос, Казахстан зэрэг орны жуулчид байдаг. Сүүлийн жилүүдэд Монгол жуулчдын тоо ч нэмэгдэж байна.
Санья нь Хайнан арлын онцгой уур амьсгал, байгалийн үзэсгэлэн, аялал жуулчлалын ээлтэй бодлогоороо Хятадын аялал жуулчлалын хамгийн хурдтай хөгжиж буй бүс нутаг болж чадсан бөгөөд өнөөдөр Ази тивийн нэр хүндтэй далайн эргийн амралтын бүсүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог.